орох
 

ХЯТАД УЛСАД 6000 НИСЭХ ОНГОЦ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Ирэх 20 жилийн хугацаанд Хятад улсад зорчигч тээврийн болон ачаа тээврийн 6000 нисэх онгоц шаардлагатай байна. Ийм тооны нисэх онгоцыг худалдан авахад 945 тэрбум доллар хэрэгтэй гэж “Airbus” концерн тооцоолжээ.

Тус концерн Хятадын Жухай хотод болж буй “Аirshow China -2016” олон улсын үзэсгэлэнгий үеэр дээрх тооцоогоо танилцуулсан байна.

“Airbus”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Лехи ярихдаа “Сүүлийн 10 жилийн хугацаанд эх газрын Хятадад агаараар тээвэрлэж буй зорчигчдын тоо 4 дахин нэмэгдэж, одоо тус улс дэлхийд энэ үзүүлэлтээр тэргүүлэх цаг улам бүр ойртож байна” гэлээ.   

Одоогийн байдлаар, агаарын тээврийн зах зээлийн багтаамжийн хувьд Хятад улс АНУ-ын дараа орж байгаа юм.

“Airbus”-ийн дэвшүүлсэн таамаглалд дурдсанаар, ойрын 20 жилийн хугацаанд Хятадад агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо жилд дунджаар 6,8 хувиар нэмэгдэх аж.