орох
 

АНУ, МОНГОЛ УЛС ХООРОНД 2024 ОНЫ II УЛИРЛААС ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР БОЛЛОО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад айлчилж байна. Айлчлал өнөөдөр 2023.08.02 эхэлж, Ерөнхий сайд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Харристай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэд Ерөнхийлөгч К.Харрис нар Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг,  боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Түүнчлэн Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ.

https://gogo.mn