орох
 

Л.МӨНХТҮШИГ: Одоогоор хилээ харилцан бүрэн нээх боломжтой орнууд нь ОХУ, Турк, Казахстан

Монгол Улсын Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн хилээ шат дараатай нээхээр төлөвлөж байгаа юм. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа. 

-Тавдугаар сарын 1-нээс эхлэн хилээ шат дараатай нээнэ гэсэн. Хил нээх бэлтгэл ажил ямар шатандаа байгаа вэ? 
-Засгийн газар, УОК-ын зүгээс ирэх тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын хилийг шат дараатай нээх урьдчилсан шийдвэр гарсан. Гадаад харилцааны яам чиг үүргийнхээ хүрээнд хилийг нээх, хаах, хилийн дэглэмийг нарийвчлан тогтоох асуудлыг дипломат шугамаар нөгөө улстайгаа тохирдог. Өнөөдөр цар тахлын улмаас гадаадын улс орнууд хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан горим хэвээрээ үргэлжилж байна. Жишээлбэл өнөөдрийн байдлаар дэлхийн 116 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан. Тавдугаар сарын 1-нд хил нээхтэй холбоотой шийдвэрийн хүрээнд ГХЯ дэлхийн улс орнуудын хилийн дэглэм, манай улс аль улстай хилээ нээх вэ гэсэн нарийвчилсан судалгаагаа саналын хамт энэ сардаа багтаан УОК-т танилцуулна. Энэ хүрээнд ГХЯ, Зам тээврийн яам, ИНЕГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран аялал жуулчлалын салбарыг хэрхэн дэмжих вэ, энэ ондоо жуулчдыг хүлээж авах уу, авах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих вэ зэрэг судалгааг гаргана.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн тусгай үүргийн нислэгийг тогтмол хуваарьтай энгийн нислэгт шилжүүлэхээр яригдаж байна. Хил нээхтэй уялдах учир аль чиглэлд нээж тогтмол хуваарьтай нислэгт шилжүүлэх асуудлыг Зам тээврийн яам, ИНЕГ, авиа компаниудтай зөвлөлдөж байгаа юм. 

Сүүлд гаргасан судалгаагаар өнөөдөр дэлхийн 87 улсад 171-172 мянган монгол иргэн бий. 

-Аль улсуудтай нэн түрүүнд агаарын хилээ нээх вэ?
-Улс орнууд хилийн хязгаарлалтын горимоо тогтмол өөрчилж байна. Тухайлбал Европын орнууд дахин хөл хорио тогтоож эхэллээ. Япон улс хөл хориогоо сулласан ч хилийн хаалттай горимоо хэвээр үлдээсэн. Монгол Улсаас БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Турк, Хонконг, Казахстан, Герман гэсэн шууд нислэг үйлддэг чиглэл дээр ГХЯ судалгаа хийсэн. Судалгаагаар хэрэв яг өнөөдрийн байдлаар дээрх орнуудад мөрдөж буй хилийн хязгаарлалтын дэглэмийн үед манай улс хилээ нээсэн тохиолдолд харилцан адил нөхцөлтэйгээр хилээ нээх улс нь одоогоор ОХУ, Турк, Казахстан байна. Хил нээх нь ямар ангиллын визээр нэвтрүүлэхтэй шууд холбоотой асуудал. БНХАУ, БНСУ, Япон, Герман зэрэг Европын Холбооны улсууд богино хугацааны визийн олголтыг зогсоосон. Тэгэхээр авиа компаниудын нислэгүүдийг тогтмол хуваарьт шилжүүлэх нь визийн олголттой шууд уялдаа холбоотой.

-Хил нээнэ гэдгийг иргэдийн зүгээс өмнөх шигээ гадаад руу чөлөөтэй зорчих, хилээр нэвтрэх боломжтой гэж ойлгоод байх шиг байна. Энэ талаар тодруулбал?
-Хил нээх гэдгийг иргэд зөв ойлгох хэрэгтэй. Энгийн ухагдахуунаар давхар хаалга байна. Нэг нь Монголын хаалга нөгөөх нь Орос юм уу Хятадын хаалга. Монгол Улс хаалгаа нээхэд нөгөө улсын хаалга хаалттай хэвээр байвал үүнийг хил нээсэн гэж үзэхгүй шүү дээ. Цар тахлын өмнөх шиг энгийн үедээ хэзээ эргэн очих вэ гэсэн асуултад өнөөдөр хариулж чадах улс орнууд ховор байна

https://gogo.mn