орох
 

Тайландын Thai Airways компани орлого олохын тулд Буддын шашны мөргөлийн аялал зохион байгуулж эхэлжээ

Коронавирусийн цар тахалтай холбоотой аялал жуулчлалын салбар уналтад орсон нь агаарын тээврийн компаниудад хүндээр тусаж байгаа.

Дэлхийн томоохон агаарын тээвэрлэгчид алдагдлаа нөхөх орлогын шинэ эх үүсвэр бий болгохоор хичээн ажиллаж байна. Тайланд улсын Thai Airways компани тус улсын Буддын шашны 99 ариун газар дээгүүр нисэх аялалыг санаачилжээ.

Сүсэгтнүүд онгоцны цонхоор шашны ариун газруудыг үзэж, тэнгэрт мөргөл үйлдэж болох юм байна.

Thai Airways сүүлийн саруудад орлого олох хэд хэдэн шинэ ажил санаачлаад байгаа. Тухайлбал онгоцны аврах хантаазаар хийсэн цүнх, эд зүйлс зарах, Бангкок хотын төвд онгоцны хоолоор үйлчилдэг кафе нээх, Airbus, Boeing үйлдвэрийн нисэх онгоцнуудын симулятороор нийтэд үйлчлэх зэрэг бизнесүүдийг санаачилжээ.

Буддын шашны аялал нь Бангкок хотоос хөөрөөд Бангкок хотод буцаж газарддаг. Ингэхдээ Тайландын 31 мужид байдаг шашны ариун газруудын дээгүүр нисэж өнгөрөх юм байна. Зорчигчдод мөргөлийн гарын авлага, тусгай хоол өгөх ба тасалбарын үнэ нь 5,999-9,999 батын ($193-$322) хооронд байгаа гэнэ.

Аялал жуулчлалын салбар Тайланд улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг бүрдүүлдэг. Гадаадын жуулчдаас олдог орлого нь тасалдсанаас Thai Airways компанийн өр $7.9 тэрбум хүрээд байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian

https://ikon.mn