орох
 

“УОК-оос тавьсан таван шаардлагад нийцсэн, БНСУ дахь бүх иргэн энэ сард эх орондоо ирж дуусна“

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ГХЯ-ны Л.Мөнхтүшиг оролцож мэдээлэл өглөө.

"Ази, Европ, АНУ-аас ердөө 150 орчим иргэн л яаралтай буцах хүсэлтэй байна"

Тэрбээр "ГХЯ-наас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог нарийвчлах ажлыг хийж байгааг өмнө нь мэдэгдэж байсан.

Өнөөдрийн байдлаар яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом буурч Ази, Европ, АНУ-аас нийтдээ 150 орчим иргэн л яаралтай буцна гэсэн мэдээллийг бидэнд өгсөн байна.

Дээрх тоонд БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэдийн тоо ороогүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь тус улсад манай улсын иргэд хамгийн олноор оршин суудаг.

Аравдугаар сарын 12-ны өдөр Сөүл дэх Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээгээр, тус улсаас эх орондоо буцах хүсэлтэй гэж бүртгүүлсэн иргэдийн тоо 4,388 байсан.

Харин энэ сард Сөүл рүү үйлдэх таван удаагийн нислэгээр 1,200 гаруй иргэн ирнэ гэж тооцвол үндсэндээ тус улсаас ирэх хүсэлтэй манай иргэд 3,100 болж буурна.

Гэхдээ Сөүл дэх Элчин сайдын яам үлдэж байгаа 3,100 орчим иргэнийг нэн яаралтай буцах хүсэлтэй эсэх дээр нарийвчилсан тоон мэдээлэл гаргахад тодорхой хүндрэл гарч байна.

Энэ нь иргэд долдугаар сарын дунд үеэс нутаг буцах хүсэлтэй байгаагаа л бүртгүүлэх болсон үзэгдэл нэмэгдсэнтэй холбоотой.

Сөүл дэх Элчин сайдын яамнаас ойрын өдрүүдэд үйлдэх таван удаагийн нислэгээр өнгөрсөн саруудад буцах хүсэлтээ гаргаад УОК-ын зүгээс тавьж ирсэн таван шаардлагад нийцсэн бүх иргэд эх орондоо ирж дуусна гэх мэдээллийг өгсөн.

Таван шалгуурт хамрагдаж болохуйц цөөн тооны иргэд л аравдугаар сар гараад Элчин сайдын яаманд буцах хүсэлтээ тавьсан байна" гэв.

"Өнөөдрийн Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр 14 улсаас манай иргэд эх орондоо ирнэ"

Мөн тэрбээр "Өнөөдөр Сөүл хотоос транзит зорчигч авчрах нислэг үйлдэж байна. Уг нислэгээр Мексик, Канад, АНУ, Бразил болон Зүүн Өмнөд Ази, Хойд Америкийн нийт 14 улсаас эх орондоо яаралтай буцах хүсэлтэй иргэдийг авчирч байгаа" хэмээн онцолсон юм.

https://ikon.mn