орох
 

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын үйл ажиллагааг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэх эсэхийг Засгийн газар шийднэ

Хөшигийн хөндийд баригдаж буй "Чингис хаан" олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх арга хэмжээ авах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан байдаг.

Энэ дагуу  ИНЕГ, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн хамтарсан ээлжит хурал өнгөрсөн наймдугаар сард болж шинэ нисэх буудлын зорчигч терминал, карго барилга дахь X-Ray-ийн төхөөрөмжийг ашиглах зөвшөөрлийг олгох, юулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх болон агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг эцэслэн байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.

Харин шинэ нисэх буудлын үйл ажиллагааг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэх эсэхийг Засгийн газрын ирэх Лхагва гарагийн хуралдаанаар шийдвэрлэх тухай мэдээлэл байна.



Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцогийн өгч байсан мэдээллээр, Хөшигийн хөндийн шинэ буудлын нисэхийн зурвас нь 3.6 км урт, дөрвөн метр өргөн бөгөөд 38 см зузаантай. Хамгийн том давуу тал нь хоёр талаас бууж, хөөрөх боломжтой. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай. Цагт 1,500 зорчигч хүлээн авна.

Тус бүр нь 2,000 шоо метр бүхий багтаамжтай шатахуун хадгалах дөрвөн танктай бөгөөд агаарын гурван хөлгийг нэгэн зэрэг сумлах боломжтой юм байна. Нийт 1,277 ам метр талбай бүхий 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөн удирдлагын цамхагтай аж.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Mitsubishi & Chiyoda хамтарсан түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр Samsung C&T , MCS Property компани ажиллаж буй. 

Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг манай улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа билээ. Төслийн нийт өртөг нь 560 сая ам.доллар.

Хурдны замын тухайд: Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны замыг 2019 оны долоодугаар сард хүлээн авсан.

“Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, 2 урсгал 6 эгнээтэй.

Уг зам нь 32.2 километр урттай, замын зорчих хэсгийн өргөн нь 32.5 метр, хоёр урсгал 6 эгнээтэй. Зорчих хэсэг тус бүр нь зааглагдсан бөгөөд 100км/цагийн хурдтай явна.

Автобусны зогсоол болон эргэх, тойрох орц, гарцгүй. Аваарын 10 гарц, зургаан гүүр, үер усны 49 хоолойтой. Гялбаанаас хамгаалсан хаалттай. Хурд хэмжигч болон камерууд суурилуулсан олон улсын стандартад нийцсэн зам гэдгийг тухайн үед холбогдох албаныхан мэдээлж байв.

https://ikon.mn/n/1zwb?fbclid=IwAR3WLpKbk4b6H5QI369MlTgFmunXS5NO172jVoI8-qhN1_TCTNwmmiQkzEc