орох
 

ХЯТАДУУД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ НИСЭХ БУУДЛЫГ БАРЬЖЭЭ

Хятадын нийслэл Бээжин хотоос 46 км-ийн зайд байрлах Дашин олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажил өчигдөр дуусжээ. Хүчин чадлаараа бүрэн ажиллаж зорчигчдын тоо 100 сая хүрэх тохиолдолд дэлхийн хамгийн том нисэх буудал болох юм байна.

Хятад улсын засгийн газар энэхүү бүтээн байгуулалтыг босгоход 60 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан бөгөөд есдүгээр сарын сүүлээр нээх төлөвтэй байна. Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлын ачааллыг бууруулахын тулд барьсан уг буудал нь 1.4 сая м.кв талбай эзэлдэг аж.

Эрх баригчид техник технологийн дэвшлүүдийг ч танилцууллаа. Тухайлбал нүүр царай таних технологиор зорчигчдыг шалган нэвтрүүлэх бөгөөд тэд онгоцонд суух тасалбараа өөртөө үйлчлэх байдлаар хүлээн авах боломжтой юм байна. 

Түүнчлэн Хятад улс 2020 он гэхэд иргэний агаарын тээврийн дэлхийн хамгийн том зах зээл болно гэсэн итгэл үнэмшилтэй байгаа тухай Шинхуа агентлаг мэдээлэв.

Дашин олон улсын нисэх буудал 2025 онд 72 сая зорчигч, 620 мянган нислэг хүлээж авах бол 2040 онд бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 100 сая зорчигч, 880 мянган нислэг хүлээн авна гэж тооцоолжээ. Ингэснээр дэлхийн хамгийн их ачаалалтай АНУ-ын Атлантагийн нисэх буудлыг зорчигчийн тоогоороо гүйцэх юм байна.