орох
 

ХҮЛЭЭЛТ ДҮҮРЭН ХӨШИГИЙН ХӨНДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АРВАННЭГДҮГЭЭР САРД ДУУСАХ НЬ

Төв аймгийн Сэргэлэн сум, Хөшигийн хөндийд босож буй Чингис хаан олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажил шувтрах тийш ханджээ. Улаанбаатар хотоос 54 км зайд орших энэхүү газар нутаг ердөө таван жилийн өмнө хов хоосон тал байсан бол өдгөө 100 мянган хүн ам бүхий хот байгуулах хэмжээний дэд бүтэцтэй болж амжжээ.

Тухайлбал, тус бүр нь 14 мВт-ын чадалтай гурван зуух бүхий ДЦС барьжээ. Энэ нь 70-100 мянган хүн ам бүхий хот сууринг дулаанаар бүрэн хангах хэмжээний дулаан үйлдвэрлэнэ гэсэн үг. Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх байгууламжийг мөн барьсан байна.Харин эрчим хүчээ Налайх болон Сонгины эх үүсвэрээр хангаж байгаа бөгөөд 16 мВт-ын хоёр трансформатор тэнд байна.

Нисэх буудлын үндсэн барилга ерөнхийдөө бэлэн болжээ. Байгалийн гэрлийг ашиглах зорилгоор шилэн хийц түлхүү оруулсан шинэлэг шийдэл, зорчигчдод ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээ, нэвтрүүлэх чадвар бүхий олон гарц гээд аргагүй олон улсын түвшинд нийцсэн байгууламж болсныг илтгэнэ. Одоогоор ашиглалтад хүлээж аваагүй тул зарим талбай нь хамгаалалтын уут, цахилгаан шат хамгаалалтын цаасан хавтантайгаа байх аж.   

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцог нисэх буудлын ажлын явц ямар байгааг танилцуулах явцад улсын комиссын 57 хүний бүрэлдэхүүнтэй багийн шалгалтаар илрүүлсэн 1278 зөрчлийн 92 хувийг нь засаж залруулж дууссаныг хэлсэн юм. Зөрчил, тэр тусмаа 1278 зөрчил гэхээр бүх зүйл нь болохоо байсан мэт ойлголт төрж болох юм. Гэвч энэ нь эрэг боолт, цонхны түгжээтэй ч хүртэл холбоотой маш жижиг асуудлуудыг ч багтаасан болохыг хэлэхэд илүүдэхгүй байх.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барихаар 2008 оноос анх судалгаа хийж, 2013 оноос Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар үндсэн 28.8, нэмэлт 36.9 тэрбум иенийн хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын 13.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулалт өрнөжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Mitsubishi & Chiyoda хамтарсан түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр Samsung C&T , MCS Property компани ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн ашиглалтын өмнөх бэлтгэл ажлаа базааж байна. 

Ашиглалтад орсон байгууламжаас онцолбол, тус бүр нь 2000 шоо метр бүхий багтаамжтай шатахуун хадгалах дөрвөн танк байгуулжээ. Өөрөөр хэлбэл, агаарын гурван хөлгийг нэгэн зэрэг сумлах боломжтой юм байна. Нийт 1277 ам метр талбай бүхий 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөн удирдлагын цамхаг сүндэрлэжээ.  

Ирэх наймдугаар сард Агаарын хөлгийн засвар, үйлчилгээний төв ашиглалтад орох гэж байна. Энэ нь хэмжээгээрээ дэлхийн хамгийн том стандартаар буюу Бойнг - 737 хоёр онгоц зэрэгцээд зогсох хэмжээний багтаамжтай аж.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд түшиглэн Монгол Улсын анхны хурдны замын ажил эд явагдаж байна. Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцын буудалтай холбох 32.2 км хурдны замын ажлын явц 67 хувьтай байгаа аж. Энэ зам хоёр урсгал, зургаан эгнээтэй байх юм. Хэдийгээр 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч зорчих хэсгийг энэ оны эцэст ашиглалтад оруулж, харин тэмдэг, тэмдэглэгээ, тохижилтыг 2019 онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.  

Хөшигийн хөндийн онгоцны шинэ буудлын нисэхийн зурвас нь 3.6 км урт, дөрвөн метр өргөн бөгөөд 38 см зузаантай. Хамгийн том давуу тал нь хоёр талаас бууж, хөөрөх боломжтой. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай. Цагт 1500 зорчигч хүлээн авна. Энэ мэтчилэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь 1200 га талбайд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон, орчин үеийн шинэ нисэх онгоцны буудал цогцолж байна. Нислэг үйлдэх хугацааг 2018 оны арваннэгдүгээр сар хэмээн үүрэг аваад ажиллаж байгаагаа эцэст нь Д.Мөнхцог дуулгасан юм. 

 

https://ikon.mn/n/1bnn




Table './airticke_airticket/global_visitors' is marked as crashed and should be repaired